Saturday, July 17, 2010

Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл
Эмэгтэй хүн өөрийгөө ямар зүйлгүйгээр төсөөлж чаддаггүй вэ? Мэдээж хэрэг цүнх. Цүнхгүй явахад нэг л гар хоосон эвгүй санагддаг шүү дээ. Жил ирэх тусам бүсгүйчүүдийн хамгийн эрэлттэй хэрэгцээ болсон цүнх улам олон халаастай болж загвар стилл нь ч өөрчлөгдсөөр байгаа билээ. Мөн сэтгэл зүйчид тэдний цүнхэн доторх бяцхан ертөнцөөс нь зан чанарыг нь тодорхойлдог гэж үздэг байна. Ингээд охид бүсгүйчүүд та бүхэндээ цүнхэнд байх ёстой чухал зүйлсээс толилуулъя.
Гоо сайхны "мини салон"
Өглөө бүрийг эмэгтэй хүн нүүр будалтаар эхэлдэг. Тэгээд ч тэрүү өөртөө итгэлтэй алхлах тэдний царайнаас "өглөөний эхлэлийг" тольдон харах мэт болдог юм. Ажил дээр, офистоо хаана ч эгзгийг нь олоод л энгэсэг түрхэн, хөмсгөө янзалж, уруулаа будаж амждаг. Хаана ч байсан эмэгтэй хүн төрөлх зөнгөөрөө тансаг сайхан руу тэмүүлдэг. Тиймээс бүсгүй хүний цүнхэнд зайлшгүй байх зүйлийн нэг нь толь, уруулын будаг, энгэсэг, хөмсөгний харандаа бүхий гоо сайхны хэрэгсэл. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн гоо сайхны "мини салон".
Маникюрын хэрэгсэл
Бүсгүй хүний гар, хуруу нь нүүр царайнаас нь дутахааргүй халамж анхаарал өдөр тутмын арчилгааг шаарддаг. Заримдаа маникюр хийж засч янзалсан хумс санаандгүй гэмтэх тохиолдол цөөнгүй. Тиймээс бүсгүйчүүд гэнэтийн тохиолдолд "түргэн тусламж" үзүүлэх маникюрын хэрэглэлийг цүнхэлж явдаг юм.
Хумсны будаг
Гарынхаа гоо сайхныг хадгалахад хумсны будаг хамгаас чухал. Түүнгүйгээр ер нь гоо сайхан харагдаж чадна гэж үү. Гэхдээ халцархай хумсны будагтай гар хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Гараа нуух газар ч олддоггүй биз дээ. Хэрвээ та цүнхэндээ хумсны будагтай явбал ийм таагүй байдлаас өөрийгөө хялбархан аварна.
Сам
Сам бол бүх л үеийн туршид эмэгтэй хүний хамгийн хайртай эд зүйл нь байсаар ирсэн. Тиймдээ ч сам нь тэдний цүнхний нэг халаасыг эрх дархтай нь аргагүй эзэгнэдэг юм. Гар доор сам байхгүй бол яах тухай төсөөлж байна уу. Мээдээж моодны ямар ч бүсгүй сэгсийсэн үстэй явахгүй нь лав. Үсээ гараараа самнаж болох ч үүнийг эрчүүд л илүү "ташаадаг"
.Үсний лак
Ажил дээрээ санаандгүй байтал шинэхэн танил чинь үдийн зоогонд урих эсвэл захирал тань яаралтай дуудаж болно. Энэ тохиолдолд үсээ богино хугацаанд янзалахад үсний лак л тус болдог. Иймээс бүсгүйчүүдийн цүнхнээс үсний лак олоход гайхах зүйлгүй. Алчуур, салфетка
Орчин үеийн бүсгүйчүүд цүнхэндээ алчуур хийхээ мартдаггүй. Бас чийгшүүлсэн салфетка цүнхэлж явахад хамгийн тохиромжтой. Угаахгүй, хэрэглэхэд эвтэй. Усгүй үед чийгшүүлсэн салфетка цүнхэнд байхад санаа зовох ямар ч асуудалгүй болно.
Үнэртэй ус
Үнэртэй ус нь эмэгтэй хүнд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл. Тиймээс тэд дуртай үнэртэй усаа заавал ч үгүй цүнхэлж явдаг. Үнэртэй усыг зөвхөн эрчүүдэд зориулж бус бас өөртөө зориулж авч явдаг юм шүү.
Тэмдэглэлийн дэвтэр
Хэдийгээр комьпютерийн технологи өндөр хөгжсөн цаг үе ч гэлээ амьдралын тодорхой агшинд тэмдэглэлийн дэвтэр заавал үгүйлэгддэг. Тиймээс эмэгтэй хүн цүнхэндээ түүнд зориулсан зайг заавал гаргадаг юм. Тэмдэглэлийн дэвтэр дээр ирээдүйн төлөвлөгөө утасны жагсаалт, худалдан авах эд зүйлсийн жагсаалтаас эхлээд юу эс байх вэ.
Гар утас
Гар утасгүйгээр амьдралын бүх л агшинг төсөөлөхөд бэрх болжээ. Цүнхэнд гар утсанд зориулсан тусгай халаас хүртэл бий. Эмэгтэй хүний хувьд яг толь адил хэрэгцээтэй зүйл бөгөөд түүнгүйгээр нэг ч алхах боломжгүй гэтэгтэй та санал нийлэх байх.
Түрийвч
Мөнгөө та хаана хадгалдаг нь тийм ч сонин биш л дээ. Гэхдээ түрүүвчгүй цүнхийг төсөөлөх боломжгүй. Түрүүвчийг цүнхтэйгээ хослуулан худалдан авч болно. Эсвэл тусад нь ч авч болно. Түрүүвч мөнгө хадгалахад эвтэйхэн төдийгүй нэрийн хуудас, бөгж, ээмгээ хадгалахад эвтэйхэн байдаг байна. Мөн хайртынхаа зургийг ч нандигнахад.
Охиндоо
Чөлөөт цаг 2010 / 05 / 20
Амьдрал таниагүй залуу насны минь
Алдаа оноо хоёрын дэнсэн дээр
Ариухан хайраас минь ургасан цэцэг
Алтан зул охин минь дээ
Одот тэнгэрийн алтан гадас
Орчлонгийн зүгийг заадаг шиг
Орлуулж боломгүй сэтгэлийн гэгээ
Охин минь миний зүгийг заадаг
Гэгээрч амжаагүй залуу насны минь
Гэрэл сүүдрийн тусгал болсон
Гэнэхэн хайраас минь ургасан цэцэг
Гэгээн зул охин минь дэ
Зүүдэт хорвоогийн гоёлын өмсгөл
Зүсрэх бороонд сэргэдэг шиг
Зүггүй жаахан охиноо харахаар
Зүрх сэтгэл сэргэдэг билээ
Танай гэрт буруу байрлуулсан толь байгаа юу?

Толины нөлөөллийн талаар янз бүрийн тайлбар, онол байдаг. Тэдгээрийн дундаас аль ч шашныханы нэгдмэл үзлийг танд сонирхуулья. Тольтой зөв харьцвал сайн сайхныг хоёр дахин өсгөж, буруу харьцвал муу муухайг хоёр дахин нэмдэг гэж үг байдаг. Тийм учраас, танд толийг зөв хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье.
Толины талаар судлагчид бүгд гэрт том толь тавибал айлд гурав дахь хүчин зүйлийн нөлөөлөл үүсдэг хэмээн ихэд цээрлэдэг. Гэхдээ толины талаарх ерөнхий нэг ойлголт аажим бий болсон байна. Гаж үзэгдэл судлаач хэмээн нэрд гарсан америкийн нэгэн иргэн ийнхүү зөвлөж байна.
Бие өвдсөн, сэтгэл санааны хямралд орсон байх үедээ толидож хэрхэвч болохгүй, тэр ч байтугай хэвтэж байгаа өрөөнөөсөө гаргах хэрэгтэй.
Унтлагын өрөөнд толь байрлуулах нь хосуудын ялангуяа залуу хосуудын сексийн амьдралд хямрал үүсгэдэг.
Харанхуй шөнөөр удаан тольдох нь өөрийн ажил үйлст саад тотгор дуудах буюу ойр тойрныхоо хүмүүст гай зовлон авч ирдэг.
Бүсгүйчүүд өглөөний 06-08 цагийн хооронд биеийнхээ чилээг гаргасныхаа дараа тольдвол тэр өдөртөө амжилт, баяр хөөрөөх дүүрэн байдаг.
Орныхоо харалдаа толь байрлуулвал үргэлж саад, муу муухайг далладаг учир нойрсох үедээ хавтасыг нь хааж байх хэрэгтэй.
Толийг өдөрт нарны гэрэл тусахгүй газарт байрлуул. Хэрвээ толинд гэрэл тусаж байвал айл гэрийн эв найрамдал, тайван байдалд муугаар нөлөөлж, бяцхан шалтгаанаар хагаралдах нөлөөтэй.
Толийг үйлчилгээний газрын хүн байнга орж гардаг хэсэгт харуулж томоор байрлуулбал ашига орлого ихэснэ. Та ч бас энэ зөвөлгөөг өөрийн ажил, амьдралдаа туршаад үзээрэй. Ямар ч байсан сайн үр дүн өгнө гэдэгт итгэж байна.
Эх

Өхөөрдөм жаахан гар хөдөлсөнгүй. Гоёмсог урт хуруутай, хөгшин хүнийх шиг үрчгэр арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хөвгүүн нүүрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хөлөө савчин орилно. Хэсэг дуугүй болсноо гэнэт хөл рүүгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт өмнөхөөсөө чанга чарлав.
Эх уйлсаар л байлаа. Хүүтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу үл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хүүг хуурайлан өлгийдөнгөө эхэд хандан,-Битгий уйл даа миний дүү, энэ хөөрхөн амьтныг харж байна уу? Бүр өлсчихөж. Хөхүүлэх хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар өгүүлэв. Сувилагчийн сарвайсан хүүг эх авсангүй. Нүүр буруулж, тэгснээ улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хүүг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хөхөө барилж үзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож тавьсан жижигхэн толинд өөрийгөө хараад сэгсийсэн үс, царай алдаж бэлцийсэн зовхи, хөлстэй духаа илж үзэв. Өөрийнх нь биш хүнийх юм шиг л галзуурмаар санагдана.Хайр халамж, гомдол, итгэл найдвар, эрч хүч өвөрлөн хүүгээ тээсэн. Өдөр, сар тоолон хүлээсэн. Гэтэл хоёр гар нь мэдээгүй. Хүү үүнийгээ мэдэхгүй уйлна, үнэгчилнэ. Оёдол хазгай дээлийг ханзлаад дахин шидэж болно. Бүр болохгүй бол хаячихна л биз. Харин мэдээгүй гартай төрсөн хүүг яах вэ?Эх хордлоготойн улмаас хоол хүнсээр тааруухан үдсэн хэдэн сарыг, өдөржин ажиллахаас аргагүйд хүргэдэг амьдралаа, хүүтэй болох гэж мөрөөдөж зүрхэлсэн сэтгэлээ үзэн ядаж байлаа. Эх баригч эмчийг бүр ч илүүтэй үзэн ядна. Хүүг нь амлуулахаар авч ирсэн сувилагчид хонзогноно. Уйлсаар бэлцийн унжсан зовхи, өмөлзөн чичигнэж байгаа уруулаа толинд хараад өөртэйгөө харц мөргөлдөхөөс зайлсхийв.Гашуудал харуусал, үзэн ядалт, арга ядсан цөхрөл, зүрхэнд нь багтахаа больсон зовлон хэзээ л бол хэзээ сархийн асгарахад бэлэн болжээ. Орноос өндийхтэй болмогцоо эмнэлгийн урт хонгилоор хашгиран гүйж, эмч, сувилагч нар руу дайран “Та нар миний хүүг ийм болголоо” гэж цамнан орилж байснаа бүүр түүрхэн санав. Тэгэхэд эх яахаас ч буцахгүй гүн хямарсан байсан. Нялх биетэй түүнийг ортой нь хүлэх шахан байж тайвшруулах тариа хийн унтуулжээ. Өглөө нь эмч эхтэй уулзаж, хүй нь цээжин биеэ хэд ороосны улмаас хүүгийн гар мэдээгүй болсныг тайлбарлаад “Гэхдээ өсөлт нь зогсоогүй, хэвийн байгаа, тиймээс удахгүй зүгээр болно гэдэгт найдаж болно” хэмээн учирлав. Өмнөөс нь харан суусан, ядарч цөхөрсөн царайтай эх мэлтийтэл ширтэж байснаа том том нулимс унаган, үг дуугүй мэлмэрүүлж эхлэв. “Юун найдвар, яагаад дахиад хүлээх ёстой гэж. Би тэр найдлагыг чинь есөн сар өвөрлөсөн. Тэгээд сайн сайхан болсон нь хаана байна” хэмээн зүрх сэтгэл нь цамнан цовхчиж байгаа боловч эх хэтэрхий цочирдсондоо дуугарч чадахгүйд хүрчээ. Сормуус нь чичирч, харц нь юухныг ч үл онон, утгагүйгээр мэлийнэ.Эх өдөржин уйлав. Хүүгээ авахаас татгалзжээ. Өлсч, орилсон хүүг сувилагч нар яаж ийн хооллож, шаардлагатай гэсэн эмчилгээг хийж байлаа. Эхийн өрөө оршуулгын газар шиг л нам гүм. Үе үе нусаа шурхийтэл татах, эхэр татан мэгших дуу сонсогдоно. -Та хоёр хоёулаа үхэж болох байсан. Хэн нэгнийг чинь алдаж ч бас болох байсан. Бид байж болох бүхнийг хийсэн. Хөөрхөн хүүтэй боллоо. Чи өөрөө эрүүл саруул сууж байна. Гэтэл эмч нарыг буруутгаж байдаг.Эмчийн учирлаж ухааруулж хэлсэн үг толгойд эргэлдэнэ. Үхэж болох байсан, үхэж болох байсан. Тийм ээ, үхсэн нь илүү дээр байсан юм. Оройхон сувилагч хүүг авчирч, орон дээр тавиад чимээгүйхэн гарлаа. Эх хүүг харахгүйг хичээв. Хажууд нь эмнэлгийн улаан цоохор өлгийтэй өчүүхэн нялх амьтан байгааг мартахыг хүслээ. Одоо өрөөнд өмнөхөөс ч нам гүм болов.Хүү бол байж боломгүй алдаа. Яагаад гэвэл тэр гаргүй. Гартай л даа. Гэхдээ энэ гар хэзээ ч хөдлөхгүй. Ээжтэйгээ аяга булаацалдаж сарвалзан дэвэхгүй. Эх мөнөөх алдааг нүднийхээ булангаар ажиглаж эхлэв. Жижигхэн шонтгор хамар, бүдэгхэн хөмсөг, сөрвийсөн үс. Унтаж байгаа хүү том нүдтэй бололтой. Сормуус нь хүүхэлдэйнийх шиг урт. Хүү шав шувхийн уруулаа хөхнө. Инээдтэй үрчилзэн ярвайж, өлгий дотроо мурчилзана. Мөөмөө хайж буй аж. Эх сандран энгэрээ хумьснаа босч цонхны дэргэд буруу харан зогслоо. Тэгснээ огцом эргэж, хүүгийн өлгийг тайлав. Хүү мурчилзахаа болиод тайван унтана. Өлгийний сүүлийн бүсийг тайлж, даавууг ярахад бяцхан хүүгийн турьхан бие ил гарлаа.Эх хөлөөс нь эхлээд шинжив. Таван хуруутай. Хумс нь зургийн хальс шиг нимгэхэн, алганд зэрэгцээд багтам хоёр жаахан хөл… чацархаг юм гээч. Хүү хоёр хөлөө дээш татан завилах мэт дугуйруулаад сэтгэл ханан суниав. Гарт нь хуруугаа хүргээд эх өөрөө цочив. Хүйтэн байх гэж бодсон нь үгүй аж. Халуухан хоёр гар. Хуруунуудыг нь барьж үзэв. Хариуд нь ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Эхийн амьсгаа дээрдэж, баруун гарыг нь огцом дээш өргөөд тавьлаа. Амьгүй мэт биеэ даган сулран унахыг хараад хүүгийн хоёр гарнаас шүүрэн барьж орилон уйллаа. Жаахан хүүг сэгсчин гарыг нь базаж, цохиж, өөрийн ухаангүй мэт уйлсаар л. Цочин сэрсэн хүү зэрэгцэн чарлана. Эр хонгор дуутай юм. Гарнаас бусад нь өөлөх юмгүй өхөөрдөм болохыг мэдсэн эх улам их харуусч, харуусах тусам хар нулимсаа сул асгана.Гаднаас гүйхээрээ орж ирсэн сувилагч өчүүхэн жаахан хүү дээр тэгнээд усан нүдэлж байгаа эхийг хойш татан холдуулаад, хөвгүүнийг яаран өлгийдлөө.Эх шөнө дунд сэржээ. “ Би хичээсэн, хичээсэн шүү дээ” гэсэн бодолтойгоо хамт нүдээ нээлээ. Хүү алга. Эх орон дээрээ өндийн суугаад хаалга руу ширтлээ. Цөхрөл нь үзэн ядалт, айдас нь аймшиг болон хувирчээ. Эмчийн өрөө эндээс гучаадхан алхам хол. Тийш хялбархаан хүрч болно. Тэгээд хүүг нь ийм болгосон эмчийг багалзуурдан алахыг юу юунаас илүү хүслээ. Тэр буруугүй байсан ч гэсэн гаргүй хүүг амьд үлдээснийхээ төлөө шийтгэл хүлээх ёстой. Эхийн нүд харанхуйд эрүүл бусаар гялалзана. Хажуугийн өрөөний эрүүл саруул, эрхтэн бүтэн хөөрхөн хүү тэвэрсэн эхийг бас үзэн ядаж байлаа. Урдаас харсан тасгийн хоёр ихэр охинтой залуу эхийг мөн л үгүй хийхийг тэсгэлгүй хүсч байгаагаа мэдэрлээ. Залуу эх охидоо дэндүү чанга дуугаар энхрийлснийхээ төлөө үхэх ёстой. Төрүүлсэн алдааг нь тэврэн бөөцийлж, сэтгэл үл өвдөн эрхлүүлдэг сувилагч хорсол төрүүлнэ. Эмийн үнэртэй өрөө нь, итгэл эрсдлээр дүүрэн өнгөрсөн есөн сар, хорвоо дэлхий бүхэлдээ хорслоор дүүрчээ.Толинд туссан өөрийнхөө царайг хараад сэтгэл нь гансран туйлдав. Ялимгүй царай муутай ч гэсэн нүдэнд дулаахан сэргэлэн төрх хэдийнэ үгүй болж, өмнөөс нь туйлдаж ядарсан хоосон харц ширтэнэ. Эх толийг авч хана мөргүүлээд хутга шиг гялалзах хамгийн том хагархайг гартаа атган хөдөллөө. Хаалгаа дуу гаргахгүйн тулд ялимгүй өргөж нээгээд хонгил руу харав. Нярайн өрөөнөөс бусад нь харанхуй. Урт нэлмэгэр шөнийн даашинз, нүцгэн хөлтэй тэрбээр, зөөлөн гэтсээр сувилагчийн өрөөг өнгөрөв. Эмчийн өрөөний үүдэнд түр саатаад, гэнэт зориглон шуудхан нярайн тасаг руу алхлаа. Өрөөнд тав зургаан өлгийтэй жаал шуухитнан унтана. Бодлоо өөрчилсөн эх хамгийн захад унтаж байсан өлгийтэй өсгөлүүн жаалыг шүүрэн аваад өрөө рүүгээ буцан гүйв. Яагаад хүний хүүхэд гартай төрж байхад миний үр гаргүй байх учиртай гэж. Нялх хүүхдийн гар ямар байх ёстой юм бэ?Бүгдээрээ адилхан гаргүй байг л дээ. Бурхан минь, чи үүнийг хүсээ юу?Хажуугийн өрөөний үүдээр гарахдаа хүүг нь хулгайлснаа мэдэгдэхгүйн тулд алхаагаа саан, сүүдэр мэт чимээ гаргалгүй гулсав. Сэтгэлийн хямралд автан тэр сохорчээ. Солиорсон ч байж болох. Өлгийнх нь бүсийг тайлж байхдаа юу ч бодсонгүй. Адгана, яарна. Нойрноос сэрж ядан яраглах хүүгийн баруун гарыг барьж авснаа толиныхоо хагархайг далайлаа.-Ээж чинь чамайг их эрхлүүлдэг бил үү, харин би хүүгээ харж ч чадахгүй байна. Яалаа гэж энэ вэ? Толины хагархай хүүгийн бугуйн тус газар хүрэх мөчид гялгар гадаргууд нь туссан танил царайг хараад эх гараа огцом татлаа. Шонтгор хамартай, бүдэгдүү хэрнээ хэлбэрлэг хөмсөг, сөрвийсөн шингэн даахь… Хүний биш өөрийнхөө хүүг хулгайлчихжээ. Учрыг ойлгомогцоо эх бахардан хашгирлаа. Тэгснээ хүүгээ тэврэн энгэртээ наагаад цурхиран уйлах нь тэр. Хоёр хоногийн турш хуримтлуулсан хайр, хорсол, итгэл сэтгэлээ асгаруулан уйлж байлаа. -Хүүгээ би алчих дөхлөө, алчих дөхлөө шүү дээ. Зүрх нь хайр энхрийллээр цохилно. Элгэнд өрөвдмөөр наалдсан арчаагүй жаахан хүүгийн хөл атиралдан тийчилж байснаа, бяцхан гараа сарвагануулан эхийнхээ сэгсийсэн үснээс зөнгөөрөө зуурав. Эх, хүүгийн гар хөдөлж байгааг ч мэдэлгүй уйлсаар.
Эх сурвалж: Р.Эмүжингийн “Эх” өгүүллэг ''Улбар хөлт'' номноос...


Нүгэл буян хоёр зөрөлдөж тогтох хэрнээ

Нүд нүдээ харахгүй сөргөлзөж явах орчлонд

Үхэл ирэхийг мартах үйлийг минь тээсэн ижий минь

Бээцэгнэнхэн байж хоёрхон алхах үрээ

Бүтэн тойрсон чинээ баясах

Бүдэрч унахдаа өвдгөө шалбалсан чулууг

Бүлээн байгаасай гэхдээ сэтгэл нь эмзэглэх

Цээжиндээ хүн тээсэн

Цагаан сүүндээ амь даасан ижий минь ээ

Өлгий амилуулж

Өрцнөөс чинь унасан хэрнээ

Өвчиж төрсөн зүсийн чинь сайхныг

Өрөөлийнхтэй жишихдээ гомдож яахан чадлаа

Саваагүй явсан зан минь

Санчиганд чинь буурал суулгасан юм биш байгаа

Дундуурхан явсан ухаан минь

Духанд чинь гурвуу гартал ороолгосон юм биш байгаа

Хайрлаж таныгаа чадлаа ч

Ханзарсныг минь нөхсөнтэй тэнцэх билүү

Харамлаж бас чадлаа ч

Хорвоогийн тамаас хагацаах билүү Н

ойрыг нь мартуулж бүүвэй аялуулсан

Нойтон өлгий илбүүлж лайгаа эдлүүлсэн намайг

Тэргэл саран тооноор минь шагайхдаа

Тойлох болов уу даа гэж санаа алдсан ч юм билүү

Дээлний тань хормойноос дэм авч өндийн

Дэлхий цоохорлосон намайг

Туулаад өнгөрсөн тэр л он жилүүд

Түшиж явахыг минь харах гэж хоргодсон юм билүү

Улаан махнаас тань амь болон тасрахад

Унагасан нулимстай тань хүртэл өр минь яваадаа ээжээ

Үрчлээ бүхэн тань татсан холд

Үрийн чинь ухаанаас нэхэлтэй яваадаа ээжээ