Thursday, June 17, 2010
ХАНИЙН ҮГ
Чамаар бишгүй гуйлгалаа би
Чамд бишгүй тунирхлаа би
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоолоо би
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа
Нарт дэлхийд хүн билээ ч
Наддаа чи наран билээ
Ертөнцөд ер ганц үгийг
Ерөөлөөр надад заяасан билээ
Гарт чинь түшиг болж
Гэрт чинь чимэг болъё
Нэрэнд чинь нэмэр болж
Нэгэн биед чинь хань болъё
Хөдөлмөр амьдрал хоёрт
Хүний зэрэгтэй явъя
Хүний хоёрхон үр шиг
Эвтэй сайхан явъя
Сэтгэлийн чинь тавгүй үед
Дэмжих нөхөр чинь болъё
Итгэлийн чинь саарах үед
Дуудах хань чинь болъё
Буруу болоод гутарвал
Уруу унагахгүйг хичээе
Онгироод нисэхэд хүртэл
Ойчиход чинь түшиж явъя
Өвдөөд зовохын цагт чинь
Эдгээж сувилж байяӨвчний чинь хагасыг авч
Үхэхээс ч буцахгүй байя
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа
Хайртай билээ гэж даврахгүй
Хартай билээ гэж өмчлөхгүй
Харамч билээ гэж нуухгүй Өглөгч билээ гэж үрэхгүй
Ахан дүүгий чинь ад үзэхгүй
Анд нөхдий чинь алаг үзэхгүй
Алсын албанд явсан ч
Авгайн журмыг эвдэхгүй
Зөөлөн гээд боол болохгүй
Хатуу гээд ноёлж байхгүй
Хоосон гээд чамлахгүй
Баян болно гээд шунахгүй
Сайн үйлсийг чинь сэтгэлээрээ дэмжиж
Сайхан биеийг чинь халамжаараа тэтгэж
Сэтгэл санаагий чинь түвшилж
Итгэл баяраар дүүрэн байлгая
Хүүхэд багачуудаа өсгөж
Хөлийг нь дөрөөнд хүргэе
Хөвчийн буга согоо шиг
Сэргэлэн цовоо явъя
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа
Чамд муу юм гэж байхгүй
Чамд муухай юм гэж байхгүй
Чамд дутуу юм гэж байхгүй
Чамд илүү юм гэж байхгүй
Хүний мөс өвч бүрдсэн
Арван хуруу тэгш цогцолсон
Аавын хөвгүүдийн нэг билээ
Амьдын жаргал өгөх нөхөр билээ
Чамд сайн гэгдвэл шагнал тэрээ
Чамд сайхан гэгдвэл жаргал тэрээ
Чиний дэргэд байвал хот хөдөө ч яахав
Чамтай хамт байвал говь хангай ч яахав
Баярлах гомдох цагтаа
Баахан хэсэг уйлах байх
Бачимдаж сандрах үедээ
Базаахгүй үг ч хэлэх байх
Ухаан санаагаа зарж
Уужим талбиун бодож байя
Харилцан буулт хийж
Хагарч эвдрэхгүй явъя
Янаг ихэдвэл тэнэг ихэднэ гэдэг
Цэнгэл хэтэрвэл жаргал холдоно гэдэг
Ухаангүй хайртай билээ гэж
Учиргүй мунхаглавал сургаарай
Уйдаад эхэлбэл уурлах хэрэггүй
Учирлаад сайхан яриарай
Цээртэй гэж бодолгүй
Тээртэй болбол хэлээрэй
Татаад авах сэтгэл нь хэцүү ч
Холдоод явах зориг нь бий
Эр хүний нандийн хайраар
Энхрийлүүлж явсан гэж бодъё
Энэ насны зурвасхан заяа
Эрхэм жаргалын дээд гэж саная
Чамаар бишгүй гуйлгасан
Чамд бишгүй тунирхсан
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоосон
Хоёр биендээ итгэлтэй байж
Хорвоогийн бартааг туулъя
Хөрст дэлхийн хуудсан дээр
Хос мөр бичиж явъя
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment